Wednesday, April 18, 2012

Хүлээгээрэй

Хэсэгхэн хугацаанд ч гэсэн би эндээс алга болмоор байна
Хэний ч мэдэхгүй өөр нэг ертөнцөд чамайг авч очмоор байна
Хааяа бид зүгээр л тийшээ замхран одох болно
Хязгааргүй огторгуйн төгсгөлөөс ч цааш явах болно

Зовлон жаргалын алийг нь ч би мэдрэхийг хүсэхгүй байна
Зоргоороо дүүлэн нисэж тэнгэрийн заадаст чамтай хамт хүрмээр байна
Заяа тавилангийн жамийг би итгэлтэйеэ сөрөн алхахыг зоридог
Замгүй хоосон газраар чамд жим гарган гишгэхийг би боддог

Гэсэн хэдий боловч бодит байдал мөрөн дээр минь хүчтэй дарна
Гэнэн занг минь баталж өвдөг дээр минь үргэлж сөхрүүлнэ
Гэвч би чиний төлөө түүнд хэзээ ч бууж өгөхгүй ээ
Гал мэт дүрэлзэх тэмүүлэл минь чамайг байхад лав унтрахгүй ээ

Хэний ч мэдэхгүй тэр ертөнцийг би нээх л олно
Хэнээр ч хэлүүлэхгүй өөрөө би хайж олох л болно
Харин чи минь тэвчээртэй л байж үзээрэй
Хамгийн мууг тохиолдсон ч итгэлээ надаас бүү салгаарай

3 comments: